“The Mongol Khan” жүжгийн талаар Их Британийн хэвлэлүүдээр урлаг судлаачдын шүүмжүүд гарч эхэлсэн байна.
The Telegraph, The Guardian, The Times, Evening Standard, The Guardian, Broadway World, The Arts Desk гээд дэлхийн топ хэвлэлүүд монгол бүтээлийн тухай шүүмжийг тасралтгүй бичсээр байна
Broadway world ийн өгүүлжээ
“Шекспирийн уламжлалт хэлбэрээр oрчин үеийн үзэгчдэд тvvх хvvрнэсэн, асар том театрын бүтээлийн зэрэгцээ, тайзны урлагийн гайхамшигтай тавилтыг vзvvлсэн “Монгол хаан” жvжиг Вест Энд дэх хамгийн том театрыг эзэгнэн орж ирсэн тул уг жvжгийн тухай олон тvмэн шуугилдаж, хэл амаа билvvдэх нь дамжиггүй.”
“The Telegraph” сонинд
Монголын түүхийн сэдэвтэй энэхүү жүжгийн талаар хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол яригдаж буй хаан нь Чингис биш юм.
Орос, Хятадын дундаас ялгарахыг хичээж буй (Хятадад салан тусгаарлах үзлээс болгоомжлон уг жүжгийг хориглосон) жижиг үндэстний зөөлөн хүчээ харуулах энэ оролдлого нь 2000 жилийн өмнөх үйл явдлаар өрнөдөг бол энд тоглох болсон шалтгаан нь саяхны түүхтэй буюу Британи, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбоотой.
Хэдийгээр сонирхолтой тайз засал, 70 хүний нүсэр бүрэлдэхүүнтэй ч энэ бүтээл нь үнэхээр уйтгартай байлаа.
1998 онд Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн уг зохиолд залгамжлагчийн асуудалтай хааныг дүрсэлжээ.
Түүний хатан, татвар эм хоёр хоорондоо хэдхэн хоногийн зайтай хунтайж нарыг төрүүлдэг. Гэхдээ хатны төрүүлсэн хүүхдийн эцэг нь үнэндээ хааны зөвлөх юм.
Сэжиг авсан хаан татвар эмийн хүүхдийг залгамжлагчаараа сонгоход зөвлөх нь хүүхдүүдийг сольдог.
Энэ үйл явдлыг нэг үзэгдлээр, тэр ч байтугай прологоор хялбархан харуулж болох ч жүжгийн эхний хагасыг бүхэлд нь эзэлжээ.
Бүгд Бондын дайснууд шиг төлөвлөгөө зохиож буйг дараалсан үзэгдлүүдээр харуулна. Энэ үеийн өрнөл нь залхмаар удаан боловч дуурь, балет юм уу Шекспирийн жүжиг шиг урлагийн таашаал өгөхгүй.
Түүхч Жон Мэний (түүнд жүжгийн зохиолч эхнэр Тимбэрлэйк Вертенбэйкер нь тусалсан бололтой) англи хэлний орчуулга нь хэтэрхий хүнд хэцүү зүйрлэлүүдээр дүүрчээ.
Өвөг дээдсийнхээ сүнсийг дуудахаас эхлээд “хөгшин” гэдэг үгийг замбараагүй хэрэглэж байгаа, “сарны туяа тод цацруулсан царайтай” эмэгтэйг хайж буй хаан зэрэг хачин жигтэй үг хэллэгүүдээс үүнийг харж болно.
Аллагаар дүүрэн сүүлийн хагас нь маш их эмгэнэл, уй гашууг харуулах ёстой байлаа. Гэвч дүрүүдийн жүжиглэлт үүнийг харуулж чадсангүй.
Hero Baatar-ийн бүтээл Колизейн тайзнаа сүрэг шувууд мэт хөдлөх дээлтэй бүжигчдийн аварга том үзүүлбэр дээрээ хамгийн сайн ажиллажээ.
Гэхдээ энэ нь ч бас хачин этгээд.
Нарны Цирк (Cirque du Soleil) маягийн акробат, илүүц гэмээр утаагаар тургидаг луу, сэлэмчдийн болхи тулаан, “Араатны хаан арслан” (The Lion King)-тай харьцуулахад хийц муутай зарим амьтдын баг зэргийг эндээс харж болно.
Тулааны хөгжим нь муухан киноны бичлэгтэй адил. Мөр бүрд гайхмаар өнгө алдаж, та өөрийн эрхгүй тэдгээрийг засаж сонсоход хүрнэ.
Тансаг өмсгөлүүд дотор нь уламжлалт хувцаснаас эхлээд цусны судаснууд, томруулсан хөхөөр чимэглэж, бараан шилтэй хослуулсан өмсгөлүүд хүртэл бий.
Эдгээр дээр хүнд амьсгаа, сэрэл өдөөсөн ёололтын чимээг нэмбэл бүр хачин жигтэй.
Жүжиглэлт нь маш их уянгын халилтай. Ганболдын Эрдэнэбилэг хаан гэдэг утгаараа хүчирхэг харагдаж байсан ч түүнээс илүү мэдээлэлтэй үзэгчдэд ухаалаг удирдагчийн дүрийг харуулах тал дээр хэцүү байлаа.
Сугарын Болд-Эрдэнэ жигшмээр муухай сөрөг дүр, Уртнасангийн Уранчимэг зовж шаналсан хатан, Шадавын Доржсүрэн ээлжээ хүлээж буй дарангуйлагчийн дүрийг бүтээдэг.
Эдгээрээс сүүлд дурдсан дүр нь ялангуяа тун таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний зэрэмдэг бие нь сул дорой байдал, хорон муу санааг илэрхийлнэ.
Соёлын харилцааг, ялангуяа бахархам дипломат харилцаанд үндэслэсэн соёлын харилцааг бид үргэлж дэмжих ёстой.
Гэсэн хэдий ч “төрийг” ард түмнээс дээгүүр тавих суртал нэвтрүүлгийн агуулга, эсвэл хүчийг бүхнээс дээгүүр тавьсан утгатай ийм бүтээлд үзэгчид баясна гэдэгт би лав эргэлзэж байна.