Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Засгийн газрын 2024 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдээ танилцуулсан ба ирэх долоо хоногоос томоохон ажлуудаа эхлүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр “Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 692 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээс 148 нь орон нутагт, 237 нь төрийн худалдан авах ажиллагааны газарт, аймаг нийслэлд 300 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан.
Мэргэжлийн гүйцэтгэгчидтэй уулзах ба энэ жилээс төрийн худалдан авалтад стандартыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл чанарыг эрхэмлэж худалдан авалт хийнэ. Сургууль, цэцэрлэгийн барилга баригддаг ч стандартаа мөрдөөгүйгээс болоод хугацаа алддаг, зогсдог сул тал бий. Төрийн худалдан авах ажиллагаа, хувийн байгууллагын мэдээллийг цахимжуулна” гэлээ.
Түүний мэдээлэлд Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт мэдээлэл өглөө. Тэрбээр “Төсөв батлагдсанаас хойш долоо хоногийн дараа төсвийг ерөнхийлөн захирагч бүрээр даалгавар өгч жагсаалт гарч байна. Өөрөөр хэлбэл оны сүүлээр эсвэл нэгдүгээр сард өгч хугацаа алддаг байсан. Төсвийн хуулийн дагуу төсөв батлагдмагц төсвөөс санхүүждэг төслүүд эхэлж, эдийн засгийн эргэлтэд орж байна. Энэ нь төсвийн реформ амжилттай хэрэгжиж байгааг илтгэж байна” гэлээ.
Тендерт оролцох боломжгүй компани, ААН-ийг хар жагсаалтад багтаадаг ба шинээр 61 компани нэмэгджээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын болон Сангийн яамны вебсайт болон tender.gov.mn сайтаас харах боломжтой. Тендерт оролцох ААН-ийг шалгаруулахад өмнөхтэй харьцуулахад чанга хууль болсон гэв.