Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар энэ сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав.
Тэрбээр Монгол, Лаос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой өнгөрсөн онд тохиож, талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг онцолсон байна.
Хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж идэвхтэй хадгалагдаж байгааг талууд тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саяхан БНАЛАУ-д хийсэн төрийн айлчлал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвиханы энэ оны есдүгээр сард Монголд хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэв.
Мөн энэ онд хоёр улсын парламент, тэдгээрийн Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус шинэчлэн байгуулсан нь цаашид хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай боломжийг бүрдүүлснийг дурджээ.
Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблей хооронд есдүгээр сарын 8-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.