Эх сурвалж: PAGE SIX, SCMP, WIKIPEDIA, DIPLY
Амбер Лаура Херд нь 1986 онд АНУ-ын Техас мужийн Остин хотод төржээ. Тэрбээр интернет судлаач Патрисия Пэйж, жижиг барилгын компанийн эзэн Дэвид Клинтон нарын гэр бүлд мэндэлсэн. Аав нь чөлөөт цагаараа морь сургадаг байсан учир Херд багадаа аавтайгаа хамт морь унаж, ан хийж, загасчилж өсчээ. Тэрбээр айлын дөрвөн охины нэг учир аав нь түүнийг эршүүд өсгөхөөр шийдсэн гэдэг. Харин Херд гоо сайхны тэмцээнүүдэд оролцдог байв. Гэхдээ хожим насанд хүрсэн хойноо цаашид обьектив байдлыг дэмжихгүй гэж хэлж байжээ.
УРАН БҮТЭЭЛЧ АМБЕР
Херд багаасаа католик шашинтай байсан боловч Лос Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцахаар шийдсэнээр шашны дунд сургуулиа орхижээ. Гэхдээ шашны дунд сургуулиа бүрэн хаялгүй гэрээр суралцаж дипломоо авсан байна.
Монголчууд Амбер Хердийг “Aquaman” болон “The Danish girl” кинонуудаар нь хамгийн сайн мэднэ гэхэд хилсдэхгүй. Гэхдээ түүний жүжигчний замнал 2004 оноос эхлэлтэй. Хамгийн анхны кино нь “Friday night lights” нэртэй спортын сэдэвтэй драма байв. Нийт 50 орчим кино, хоёр дууны клипэнд Херд тогложээ.
Амбер Херд 2008-2019 оны хооронд 10 удаа шагналд нэр дэвшсэн. Эндээс таван шагналынхаа эзэн болж байв. Жонни Депптэй хамтарч тоглосон “The rum diary” киноныхоо дүрээр Холливудын кино наадмаас “Spotlight award” буюу “Олны таашаал хүртсэн дүр” шагналыг авсан. Энэ нь түүний авсан шагналуудаас хамгийн томоохонд тооцогдох юм.
“АЛТ УХАГЧ” АМБЕР
Жонни Деппээс өмнө Амбер Херд хэд хэдэн эртэй нэр холбогдож байв. Тэр бүү хэл эмэгтэйчүүдтэй ч үерхсэн удаатай. Олны анхаарлыг татсан хамгийн анхны хайрын эзэн нь гэрэл зурагчин Тася Ван Ри байжээ. Тэд 2008 оноос эхэлж болзсон ба хайр дурлал нь дэндүү халуухан байсан тул Херд тухайн үедээ хууль ёсны дагуу овог нэрээ Ван Ри болгон өөрчилж байв. Амбер Херд хүчирхийллийн хэрэгтэй хамгийн анх нэр холбогдсон нь ч мөн энэ үед юм. Сиэттлийн Такома нисэх онгоцны буудал дээр 2009 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр Херд баривчлагдсан. Зарим хүмүүс энэ явдлыг буруугаар ойлгож, хэт сенсаци дэгдээсэн гэж Херд болон Ван Ри хэн хэн нь тайлбар өгчээ. Гэвч тэд 2012 онд салж, салсныхаа дараа Амбер Херд нэр төрөө сэргээсэн байна.
Амбер Херд, Жонни Депп нар 2009 онд “The rum diary” нэртэй инээдмийн киноны зураг авалтын үеэр танилцсанаас хойш бүх юм эхэлсэн гэдэг. Тэд 2012 оноос эхлэн болзож, 2014 онд сүй тавьж, улмаар 2015 онд албан ёсоор гэр бүл болсон. Гэвч гэрлэлт удаан үргэлжилсэнгүй ердөө ганцхан жилийн дараа Амбер Херд салах өргөдлөө өгчээ. Тэдний салалт үргэлж олны анхаарлын төвд байж, удаа дараалан шүүхдэлцсээр өнгөрсөн долоо хоногт л дуусгавар болов. Шүүх хурлын шийдвэрийн дагуу тэрбээр Жонни Деппийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр 15 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх болжээ.
Тэдний гэрлэлт анхнаасаа л төдийлөн бүтэлтэй байгаагүй гэхэд болно. Жонни Депп хуримынхаа өдөр ёслолын танхимд алхаж явахдаа хамгийн сайн найздаа хандан, “Одоо би түүнийг цохиж чадахаар боллоо” гэж хошигнон хэлж байжээ.
Жонни Деппээс салсныхаа дараа Амбер Херд дэлхийн хамгийн баян эрхэм Элон Масктай үерхэж эхлэв. Гэр бүл албан ёсоор салаагүй байхад Элон Масктай нийлж, Деппийг хуурч байсан гэх цуу яриа ч байдаг. 2016 оноос хойш Маск, Херд хоёр хамт байгаа мөчүүдээ инстаграмдаа хуваалцах болсон. Бүтэн жил энэ маягаар явсны эцэст 2017 оны наймдугаар сард тэд салсан боловч ердөө таван сарын дараа эргэн нийлжээ. Тэдний харилцаа 2018 оны хоёрдугаар сард албан ёсоор дуусгавар болсон. “Салах шийдвэрийг Маск гаргасан. Тэд одоо ч бие биедээ санаа тавьдаг хэвээрээ” гэж ойрын эх сурвалж нь мэдээлж байв.
Элон Маскаас салаад гуравхан сарын дараа Херд уран зургийн наймаачин Вито Шнабельтэй болзож эхэлжээ. Харамсалтай нь тэд жил хүрэхгүй хугацааны дараа хол зайнаас болж салсан гэдэг.
Үргэлжлээд 2019 оны тавдугаар сард найруулагч Энди Мусчиеттитэй болзож эхэлсэн ч мөн оныхоо эцэс гэхэд хайр дурлал нь унтарчээ. Дэндүү богино хугацаа байсан тул тэдний талаар дорвитой мэдээлэл ховор бөгөөд хүмүүс сайн мэддэггүй аж.
Амбер Херд 12 жилийн дараа ахин эмэгтэй хүнтэй нэр холбогдсон нь Бианка Бутти байв. Бианка Бутти нь Америкийн жүжигчин, мэргэжлийн зураглаач юм. Тэд 2020 оны нэгдүгээр сард Калифорнийн Палм-Спрингсэд хамтдаа халуухан зураг авалтад орсноор харилцаа нь олон нийтэд ил болжээ. Гэвч 2021 оны арванхоёрдугаар сард тэд салсан. Тэдний салсан шалтгаан нь мөн л хол зай байсан гэх бөгөөд тухайн үед нэг сар л тусдаа байжээ. Тухайн үед Бутти Лос Анжелес хотод ажиллаж байсан бол Херд Их Британид “Aquaman2” киноныхоо зураг авалтанд орж байсан. Одоогийн байдлаар Амбер Хердийн хамгийн сүүлийн хайртаар Бианка Бутти нэрлэгдээд байна.
АМБЕР ХЕРДИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Тэрбээр нэг охинтой бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сард төрсөн. Нялх охинтойгоо авахуулсан зургаа 2021 оны долдугаар сард нийтэд дэлгэж, шуугиан тарьжээ. Хүүхдийнх нь эцэг хэн бэ, тээгч эхээр төрүүлсэн үү гэх цуу яриа одоо хүртэл яригдсаар байна.
13 настайдаа загварын агентлагт ажилд оффисын үйлчлэгчээр ажилд орох гэж насаа нэмж хэлж байжээ.
Түүний ааваасаа өвлөж авсан хобби нь гар буу юм. Херд “Teen vogue” сэтгүүлд ярилцлага өгөхдөө аавыгаа “180 см өндөртэй, живэр сахалтай, Вранглер жинстэй ковбой эр” гэж тодорхойлж байв.
Тэр өөрийгөө дэлгэцээр харах дургүй. “Зарим хүмүүс яваандаа дасдаг байх, гэхдээ би лав үгүй” гэж тэр хэлж байв.
Түүнийг 16 настайд хамгийн сайн найз нь автомашины ослоор нас барсан. Түүнээс хойш Амбер Херд өөрийгөө шашингүй үзэлтэн гэж зарлах болжээ.
Амбер Херд дохионы хэл мэддэг. Хүүхэд насных нь хамгийн сайн найз сонсголгүй байсан тул дохионы хэлийг багаасаа сурсан. Түүнчлэн, Старки нэртэй сонсголын сантай хамтарч хүмүүст сонсголын аппарат тарааж байжээ.