БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс ирэх тавдугаар сарын 1-ээс бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа.
Манай урд хөрш антрацит болон коксжих нүүрсний импортод 3 хувь, эрчим хүчний бусад нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулдаг. Харин дээрх шийдвэрийн дагуу нүүрсний импортын татварыг 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл тэглэх аж.
БНХАУ-ын Сангийн яамны пүрэв гаригт хийсэн албан ёсны мэдэгдэлд “Эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал болон хүнд үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтийг хангах” зорилгоор нүүрсний импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан” гэжээ. Өөрөөр хэлбэл, Бээжин нүүрсний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлж, үнэ буруулах бодлогын арга хэмжээ авч эхэлсэн байна.
Гэвч зах зээлийн шинжээчид нүүрсний импортын татварыг тэглэх энэхүү алхам нь зөвхөн ОХУ-д ашигтай гэж харж байгаа юм.
Учир нь, дээрх шийдвэрээс үл хамааран тус улсын эрчим хүчний нүүрсний гол эх үүсвэр болох Индонез, коксжих нүүрсний гол нийлүүлэгч болох Австрали улсын нүүрсийг импортын татвараас аль хэдийн чөлөөлсөн байдаг. Тиймээс Индонезын нүүрсний хувьд үнийн өөрчлөлт огт гарахгүй гэсэн үг.
Мөн Бээжин хэдий өнгөрсөн аравдугаар сараас далайн боомтууд дээр гацаад байсан Австралийн нүүрсийг оруулж эхэлсэн ч 2020 оны сүүлээр тогтоосон албан бус хориг хүчин төгөлдөр үргэлжилсэн хэвээр байгаа юм.
Харин Монгол Улсын хувьд ковидын хязгаарлалт, хилийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний нийлүүлэлт хэвийн түвшинд ч хүрч чадахгүй хэвээр байна. Тухайлбал, манай улс 2022 оны эхний гурван сард БНХАУ-д 2.52 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62.18 хувиар буурсан үзүүлэлт юм.
Тэгвэл ОХУ өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Украинд эзлэн түрэмгийлж, барууны орнуудын хориг арга хэмжээнд орсноор Москвагийн хувьд БНХАУ бараг цорын ганц нүүрсний экспортын зах зээл болж үлдсэн. Мөн ОХУ өнгөрсөн онд БНХАУ-д 10.7 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Улмаар манай хойд хөрш Хятадын нүүрсний импортын зах зээлд Монгол Улсын араас хоёрт эрэмбэлэгдэх болсон. Хамгийн сүүлд, лхагва гаригт ОХУ-ын Нижеленинское болон БНХАУ-ын Тунжиан боомтыг холбосон хос цариг бүхий Амур мөрний төмөр замын гүүр ашиглалтад оруулаад байна.