Дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байсан эмэгтэй 119 насандаа таалал төгссөнийг Японы албаныхан Даваа гарагт мэдээлжээ.
Талийгаач Кане Танака нь 1903 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Япон улсын Фүкүока мужийн нутагт төрсөн юм байна.
Тухайн онд ах дүү Райт нар зохион бүтээсэн онгоцоороо анх удаа нисэж, эрдэмтэн Мэри Кюри эмэгтэйчүүдээс анх удаа Нобелийн шагнал хүртэж байжээ.
Танака агсан асрамжийн газарт саяхныг хүртэл эрүүл саруул амьдарч байсан юм. Тэрбээр хөлөгт тоглоом тоглож, математикийн бодлого бодож цагийг өнгөрөөдөг байсан ба хийжүүлсэн ундаа, шоколад зооглох дуртай байв.
Тэрбээр яг 100 жилийн өмнө буюу 1922 онд нөхөрт гарч, дөрвөн хүүхэд төрүүлж, тав дахь хүүхдээ үрчилж байжээ.
Амьдралынхаа туршид тэр гоймонгийн зоогийн газар, будааны бялууны дэлгүүр ажиллуулах зэрэг хэд хэдэн бизнес эрхэлж байсан гэнэ.
2021 оны Токиогийн Зуны Олимпын наадмын бамбарын буухианд Танака гуай тэргэнцэртэй оролцох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас биелээгүй байна.
2019 онд Гиннесийн Дэлхийн Дээд Амжилтын ном түүнийг амьд сэрүүн байгаа хамгийн өндөр настай хүнээр тодруулж байжээ.
Тухайн үед сэтгүүлчид түүнээс амьдралынх нь хамгийн аз жаргалтай цаг үеийг асуухад “Одоо” гэж хариулсан байдаг.
Япон улс өнөөдөр өндөр настныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг юм. Тус улсын хүн амын 28 хувь нь 65-аас дээш насныхан байна.
Түүхэнд хамгийн өндөр насалсан хүнийг франц эмэгтэй Жанна Луй Калмент гэж Гиннесийн номд бүртгэсэн байдаг.
Тэрбээр 1997 онд 122 нас, 164 хоногтойдоо таалал төгсөж байжээ.
Эх сурвалж: AFP