ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолж эхэлснээс хойш бие бүрэлдэхүүний хохирол ихээр амссан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байгаа ч ОХУ хохирлынхоо талаар мэдээлдэггүй юм. Энэ нь тус улсын хуулиар нууцын зэрэглэлд хамаардаг тул ийнхүү нийтэлд мэдээлдэггүй аж. Харин барууны тусгай албаныхан болон Британийн Батлан хамгаалах яам Оросын хохирлын талаарх мэдээллийг тогтмол гаргадаг.
Энэ удаад гаргасан мэдээллээр, дайн эхэлснээс хойш ОХУ-ын Зэвсэгт хүчний 15 мянган цэргийн алба хаагч амиа алджээ. Мөн хугацаанд Оросын армийн 2000 нэгж хуягт техник, тэр дундаа 530 танк, 530 хуягт тээвэрлэгч, явган цэргийн байлдааны 560 машин устсан байна. Түүнчлэн Орос улс 60 нисдэг тэрэг, сөнөөгч онгоцоо алдсан гэж Британийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес парламент дээр үг хэлэхдээ долоо хоногийн хугацаанд л үргэлжлэхээр төлөвлөж байсан давшилт одоо олон долоо хоногийн туршид үргэлжилж байгааг онцолсон байна.