Орон нутгийн удирдлагууд нь Засгийн газраасаа давсан эрх мэдэлтэй улс бол Монгол.
Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг зогсоох талаар 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр тогтоол гаргасан юм
Импортын эрчим хүчийг орлуулж, баруун аймгуудыг цахилгаанаар хангах өндөр ач холбогдол бүхий уг том төслийг урагшлуулах зоримог шийдвэрийг Засгийн газар гаргасан. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн хамгийн сүүлд мэдэгдсэнээр уг төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын Power Construction Corporation of China болон PowerChina Chengdu Engineering Construction компанийн түншлэл ажиллахаар болоод буй. Гэвч нэгэнт шийдвэр гарсан уг төслийг орон нутгийн Иргэдийн төлөөлөл ийнхүү Засгийн газраас давсан шийдвэрийг гаргаж, гацаахыг оролдсон юм.
Энэ бол анхны тохиолдол биш.
Үүнээс нэг сарын өмнөхөн мөн л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий томоохон төслийг орон нутгийн удирдлагууд нь эсэргүүцэж, зогсоох шийдвэр гаргасан байдаг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” компанийг мөн зогсоох талаар сумын ИТХ аравдугаар сарын 1-нд тогтоол гаргасан юм. Тус компани өнгөрсөн 20 жилийн турш бэлтгэл хангасны эцэст долдугаар сард нь үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байсан нь энэ.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчидтай иймэрхүү байдлаар харилцаж, орон нутгийн удирдлагууд уул уурхайн салбараа ойлгоогүй явж ирсний үр дүнд өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр “Оюу толгой”-гоос өөр гялтайх төсөл үлдэхгүй нь бололтой.
Олон Улсын Санхүүгийн Корпорацаас хийсэн “Монгол улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” судалгаан дахь “Хөрөнгө оруулагчдад тулгардаг улс төрийн эрсдэлүүд” хэсэгт “Хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгаа дутмаг байх нь нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээх мөн дахин хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг” хэмээн тодорхойлжээ.