Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажил улсын хэмжээнд үргэлжилж буй. Газрын нөхөн бүрдүүлэлтийн хугацааг он дуустал хийхээр сунгажээ.
Газрын бүртгэлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?
Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан www.egazar.gov.mn газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгаж, баталгаажуулаарай.
Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол дүүрэг, сумын ЗДТГ газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Учир нь Монгол Улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх юм.
2018 оноос өмнө газар авсан иргэд:
1. Таны гар утас болон компьютер интернетэд холбогдсон эсэхийг шалгаад хайлт дээр egazar.gov.mn гэж бичээд хайна.
2. Ингээд дэлгэцний баруун доод булан байрлах иргэн, хуулийн этгээд, газрын зураг гэсэн гурван сонголт руу анхаарал хандуулна. Хувь иргэн бол иргэн цэс дээр, аж ахуйн нэгж бол хуулийн этгээд цэсийг сонгож дарна.
3. Тухайлбал, иргэн цэсийг сонгож дарж ороход “E -mongolia” технологи руу регистрийн дугаар нууц үг бүхий хаягаараа нэвтэрч орно. Хэрэв та E-Mongolia аппликейшн рүү нэвтрэх нууц үгээ мартсан бол аль интернет банкны эрхээрээ нэвтрэх боломжтой юм.
4. Нэвтэрч орсны дараа таны иргэний үнэмлэхни мэдээллийг авах эсэхийг зөвшөөрөх товчлуур дарснаар доорх цонх гарч ирнэ. Ингээд доор улаан тэмдэглэсэн хэсэгт таны нэр дээр бүртгэлтэй газрын тоо харагдана.
Ингэж шалгахад таны газрын тухай мэдээлэл 0 гэж зааж байвал та харъяа дүүргийнхээ газрын албанд өөрийн биеэр очиж хандан бүртгүүлэх шаардлагатай юм.
Иргэн та газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид:
- Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах,
- Өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах,
- Газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх,
- Газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах,
- Цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.