“Цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор ОХУ нь өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд дайн эхлүүлсэн. Үүний хариуд АНУ, Европын холбоо тэргүүтэй олон улс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж, гадаадын олон брэнд, компани Оросоос гарсан.
Тэгвэл гадаадын оронд амьдарч буй оросуудад ч эдийн засгийн хориг нөлөөлж, бойкотод орж байгааг мэдээлэх болжээ. Тодруулбал, дэлхийд алдартай тансаг хэрэглээний брэндүүд Оросын алдартан, нөлөөлөгч нарт үйлчлэхээс татгалзаж, бараагаа худалдахгүй байгаа аж.
Олон нийтийн сүлжээнд алдартай Оросын нөлөөлөгч Лиза Литвин, Снежанна Георгиева нарыг Францын алдарт “Chanel” брэндийн дэлгүүрт ороход үйлчлэхээс татгалзаж, “хөөсөн” байна.
Дотоод засал, загварын чиглэлээр ажилладаг Лиза Литвин нь ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээр Арабын нэгдсэн Эмират улс руу нүүж, тэнд суурьшсан байна. Гэвч түүнийг Дубай дахь “Chanel” брэндийн дэлгүүрт ороход үйлчлэхээс татгалзсан гэнэ.
Тэрбээр “Би Эмиратын их дэлгүүр дэх “Chanel” брэндийн тасгаар үйлчлүүлэхээр очсон. Гэтэл тэд надад цүнхээ Орост барихгүй гэсэн баталгаанд гарын үсэг зурахыг шаардаж, иргэний үнэмлэх, утасны дугаар асуусан. Эцэст нь тэд надад цүнхээ зарахаас татгалзсан. Учир нь би орос хүн учраас” гэж цахим сүлжээнд бичжээ.
Түүнчлэн Оросын дуучин, реалити од Калашникова худалдааны хоригийн “золио”с болсон гэж ярьжээ. Түүнийг Дубай дахь ижил дэлгүүрт ороход нь худалдагчид “Бид таныг Оросын алдартан гэдгийг мэднэ. Та эндээс худалдаж авсан бараагаа Орост аваачна. Тиймээс танд үйлчлэхгүй” гэж “Chanel” брэндийн менежер нь учирлажээ.
Харин тэрбээр “Миний санаж байгаагаар Коко Шанель бол нацист офицерын нууц амраг төдийгүй Германы тагнуул байсан” гэж “Chanel” брэндийг үндэслэгчийн тухай жиргэсэн байна.