Оросын түрэмгийлэл гарсны дараа Финланд, Швед улс энэ зун гэхэд НАТО-д элсэхээр төлөвлөж байна гэж Америкийн эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Таймс сонин мэдээлжээ.
Энэ төлөвлөгөө хэрэгжвэл Финланд улс НАТО-ын гишүүн орнууд дундаас Оростой хамгийн урт зурвасаар хиллэдэг /1340 км/ орон болох юм.
Швед улс 200 гаруй жилийн туршид ямар ч цэргийн холбоонд элсэн ороогүй бол Финланд улс хүйтэн дайны үеэр ЗХУ-д найрсаг хандаж, төвийг сахисан байр суурь илэрхийлж байлаа. Харин Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш энэ хоёр оронд олон нийтийн байр суурь эрс өөрчлөгдөж, НАТО-д элсэхийг дэмжих болсон гэж Таймс бичжээ.
Үүнээс өмнө, Шведийн хэвлэлүүд энэ улс долдугаар сарын дунд үе гэхэд НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж, улмаар Мадридад болох хурлаар энэ хүсэлтийг долдугаар сарын эцэс гэхэд дэмжиж магадгүй талаар мэдээлж байлаа.