Нийслэлд сүндэрлэх орон сууцны тоо жилээс жилд өсөж байна. Гэсэн хэдий ч өдөр ирэх тусам орон сууцны үнэ нэмэгдэж, иргэд худалдан авч хүчрэхгүйд хүрээд буй. Өндөр үнэтэй орон сууцнууд аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангаж байна уу гэдэг эргэлзээ дагуулж байна. Тухайлбал өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатсан. Тус галыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай үүрэг гүйцэтгэж унтраасан юм.
Нийслэлд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудад “Барилгын норм ба дүрэм 21-01-01, 21-01-02-т галд тэсвэржилтийн нэг, хоёрдугаар зэрэглэлийн барилгын гадна дулаалгыг галд шатдаг буюу галд тэсвэрлэн шатдаг бодис, материалиар хийхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл шинээр баригдаж буй орон сууцнууд тус дүрмийг мөрдөхгүй, зөвшөөрөгдөхгүй материал ашиглаж байна уу? Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяагаас тодрууллаа.
Тэрээр “Барилгын дулаалгын хөөснүүд олон янз байдаг. Үүнээс зармыг нь хэрэглэхийг зөвшөөрч, зармыг нь зөвшөөрдөггүй. Нийслэлийн онцгой байдлын газарт барилгын гадна фасат, дулаалгад гал гарлаа гэдэг дуудлага хэд хэд бүртгэгдсэн. 2022 он гарснаас хойш барилгын гадна талд гарсан томоохон гал түймэр бол өчигдрийнх байлаа. ОБЕГ болон НОБГ-ын барилгын хяналтын байцаагч нар тухайн барилгыг улсын комисс хүлээж авахаас өмнө барилгын зураг төслийг хянадаг. Ингэхдээ гал тэсвэржилтийн зэргийн шаардлагыг хангасан шатдаггүй материалаар дулаалга, хашлага хийц хийхийг зөвшөөрдөг юм. Тэгээд ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс гадна дулаалгын хөөс фасадын хөөсний шинжилгээг хүргүүлэн авч, үүний дагуу шатдаггүй материалыг хэрэглэнэ гэж дүгнэлтдээ тусгаж өгдөг. Өчигдөр шатсан барилгын тухайд хоригдсон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах ангиуд 9-10 давхар орчимд ажиллах боломж бий. Гал унтраас нисдэг тэрэг байхгүй. Өчигдөр өндөр дөвхруудад гал сөнөөгч нар орж ажилласан. Галын шалтгаан нөхцлийг тодорхойлохоор ажиллаж байна” гэлээ.