Украинд байгаа монгол иргэдийн талаар мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын дэд захирал С.Энхцэцэг өглөө.
Тэрээр “Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Варшавт байгаа Элчин сайдын яам, Украинд ажиллаж байгаа Өргөмжит консултай байнгын мэдээ солилцож ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Украинд Монгол Улсаас суралцаж байгаа 68 оюутан, 22 иргэн байнгын оршин сууж байна. Одоогоор 30 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж, тийзээ бичүүлсэн байна. Замдаа гарсан 2-3 оюутан байна. Оршин суугаа иргэдийн хувьд нөхцөл байдлыг харзнаж, Элчин сайдын яамтай байнга хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байгаа. Оюутнууддаа анхааруулж хэлэхэд, эх орондоо ирэх хүсэлтээ заавал Элчин сайдын яамандаа мэдэгдэх хэрэгтэй. Улс орнуудын хилийн хязгаарлалтыг харгалзан аль хотоор нэвтрэх, хаагуур нисэх талаар зөвлөгөө авах шаардлагатай. Хоёрт, сургуулийн захиргаандаа заавал мэдэгдэж, өргөдлөө өгөх хэрэгтэй. Учир нь, нөхцөл байдал намжсаны дараа эргэн сургуульдаа сурах нөхцөлөө оюутнууд, эцэг эхчүүд тооцох ёстой. Нөхцөл байдлыг ажиглаж байгаа, Украинд үлдсэн оюутнууд болон оршин суугаа иргэдийн хувьд эрсдэлээ тооцож, бэлэн байдлаа хангах нь зөв. Гэнэтийн зүйл гарч болзошгүй гэж үзэж, өөрсдийн бичиг баримт, бэлэн мөнгө биедээ авч явах, шаардлагатай үед холбоо барих бусад утасны дугаар, мэдээллээ Варшав дахь Элчин сайдын яам, Украин дахь Өргөмжит консулд өгч, байнгын холбоотой ажиллахыг зөвлөж байна” гэлээ.