Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төвийг байгуулахаар боллоо.
Энэ ажлын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа. Хурлаар Монгол орны ховор металлын нөөц, хэтийн төлөв, Монгол Улсын чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээрх хамтарсан төсөл, чухал ашигт малтмалын салбар дах БНСУ, Монгол улсын хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа, чухал ашигт малтмалын салбарын БНСУ, МУ-ын R&D хамтын ажиллагааны чиглэл “Ховор металлын хамтын ажиллагааны хамтарсан хороо”-ны үйл ажиллагааг хэлэлцэв.
БНСУ-ын “Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)”-ийн санхүүжилтээр, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яам (MOTIE) болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байгаа “Ховор металлд нэмүү өртөг шингээх, эргэлтэд оруулахад зориулсан Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төсөл”-ийн анхны сургалтыг өнгөрөгч сард зохион байгуулсан.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах тус төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ ажиллаж байна.