Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний чанар, агаар, орчинд нөлөөлөх бохирдуулагчийн талаар тодруулж “Таван толгой түлш” компанийн технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбаттай ярилцлаа.
–-Иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр утаа буураагүй, харин ч ихсэж, хүхэр үнэртдэг болсон гэдэг. Үйлдвэрлэлийн технологи, түүхий эдэд өөрчлөлт орсон уу?
–2019 онд нийслэлд рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолоос хойш иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж ирсэн.
“Энержи ресурс” компанийн угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу миддлинг эрчим хүчний нүүрсийг сайжруулсан шахмал түлшнийхээ үндсэн түүхий эд болгон ашиглаж байна.
Таван жилийн хугацаанд манай компани үндсэн түүхий эдийг өөрчлөөгүй. Шахмал түлш үйлдвэрлэх технологийн горимд өөрчлөлт оруулаагүй. Өөрөөр хэлбэл 2019 онд болон одоо үйлдвэрлэж байгаа нүүрсний чанар ижилхэн гэж ойлгох нь зүйтэй.
Барагцаалж ижил гэж хэлээгүй. Нүүрсний үйлдвэрлэлд хяналт тавьдаг олон байгууллага бий. Мөн хөндлөнгийн лабораториудад дээж өгөхөөс гадна өдөр тутмын үйлдвэрлэлээс гарах шахмал түлшийг дотоодын лабораторид шинжилдэг. Иргэдэд хүрч байгаа нүүрс бол MNS 5679:2022 стандартын шаардлагыг хангасан нүүрс юм.
Нийслэлийн утаа, агаарын бохирдол ганц эх үүсвэрээс бий болоогүй. Энэ асуудлыг давхар ярих цаг нь болжээ. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын судалгаагаар утаанаас ялгарч байгаа бохирдол нь 51 хувь гэр хорооллын галлагаанаас үүсэлтэй. 30 орчим хувь нь автомашин буюу түүний хөдөлгөөнөөс үүсэх тоосжилт. Үлдсэн хэсэг нь түүхий нүүрс түлж байгаа ААН болон бусад эх сурвалжаас үүсдэг болохыг судалгаагаар танилцуулсан.
Утаа, агаарын бохирдлыг бууруулахын тулд эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Шахмал түлшнээс болж утаа ихэссэн гэж ярихын зэрэгцээ машины тоо ихэссэнээр утаа нэмэгдэж, тоос тоосонцор ихэссэн гэдгийг давхар ярих шаардлагатай.
-Ямар байгууллагууд шахмал түлшний дээжийг шинжилдэг вэ? Мөн шинжилгээний төлөвлөгөөт хугацаа байдаг уу?
-Манай компани 2023 онд дэргэдээ өөрийн гэсэн түлшний чанар, түвшний шинжилгээний иж бүрэн лабораторитой болсон. Өдөр бүрийн үйлдвэрлэлдээ шинжилгээ хийж, борлуулалтад гаргадаг. Сард 2-3 удаа хөндлөнгийн лабораториудаар байнга хянуулж байна.
- Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори
- Хими, хими технологийн хүрээлэн
- Эс Жи Эс олон улсын лаборатори
- Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лаборатори
- Дулаан, техник, экологийн хүрээлэн гэх мэт дотоодын итгэмжлэгдсэн лабораториудад түлшний дээж өгч, чанар, түвшинг шалгуулдаг.
-Хэрэглэгчид шахмал түлшний илч өмнөх оныхоос саарч, түргэн шатдаг болсон гэж ярьж байна. Үүнд тайлбар өгөөч.
-Түргэн шатаж байгааг би өөрөө газар дээр нь очиж үзээгүй, сонсож байгаа болохоор мэдэхгүй байна л даа. Бид лабораторид дээж шинжлүүлэхдээ хэчнээн цаг шатаж байгааг нь хүртэл туршдаг учраас энэ асуултад эргэлзэж байна.
Нүүрсний чанартай холбоотой асуудлыг стандарттай л холбож ярина. MNS 5679:2022 стандартыг баримталдаг бөгөөд түлшний илчлэг 5500-аас дээш байна гэж заасан байдаг. Манай шахмал түлшний илчлэгийн чанар 6000-6200 хооронд байсаар л байгаа. Тэгэхээр бид зүгээр л нэг тоо гаргаад ирсэн биш мэргэжлийн байгууллагын гаргасан лабораторийн шинжилгээнээс дүгнэлтээ гаргадаг.
Анх нийслэлд шахмал түлш хэрэглэдэг болоход MNS 5679:2019 гэх стандартыг баримталж байсан. Үүнийг 2022 онд сайжруулж MNS 5679:2022 стандартыг хэрэглээнд нэвтрүүлж, стандарт ханган ажиллаж байна. Ингэхдээ чийглэг, дэгдэмхий хий бодис, үнс зэргийг бүгдийг нь бууруулсан.
-Шахмал түлшний барьцалдуулагчид ордог дүүргэгч буюу эрдэс шаврын хэмжээнээс шалтгаалж үнс их гарч байгааг мөн л хэрэглэгчид хэлж байна. Цахим орчинд ч энэ тухай их нийтлэгддэг шүү дээ.
–Үнс өмнөхөөсөө ч бага гарч байгаа. Анхны жилүүдэд шахмал түлшний 4 хувьд нь ордог барьцалдуулагчийн 70 хувьд нь шавар буюу байгалийн эрдэст нэгдэл ордог байсан бол одоо 30 хувьд нь эрдэст шавар орж байна. Тэгэхээр барьцалдуулагчаас шалтгаалж үнс ихсэхгүй гэсэн үг.
.-Нийслэлд утаа, агаарын бохирдол үүсгэдэг эх сурвалжийн нэг нь ААН-үүд буюу түүхий нүүрсний хэрэглээ гэж та тайлбарлалаа. Яагаад сайжруулсан шахмал түлш хэрэглэдэггүй юм бол.
–ААН-үүдийг шахмал түлшээр хангах бүрэн боломжтой. Гэвч ААН-үүдийн зуухны бүтээц өндөр илчлэгтэй нүүрс түлэх боломжгүй байна. Тодруулбал тэдний ашиглаж байгаа зуух нь бага илчлэгтэй буюу 3500 бага илчлэгтэй нүүрсэнд зориулагдсан учраас шахмал нүүрс хэрэглэхэд тохирдоггүй. Ул, ширэм хайлах, хэв гажих асуудал үүсдэг болохоор түүхий нүүрсээ хэрэглэсээр байгаа.
Манай нүүрсийг хэрэглэхийн тулд зуухны бүтээцийг өөрчлөх, утаанаас ялгарч байгаа дэгдэмхий бодис, тоосонцрыг барьж, шүүх шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Шүүлтүүр, дахин шатаалт зэрэг арга дэлхий нийтэд нэвтэрсэн. Хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэглэх ёстой байтал манайх хямд үнээс нь болж хамгийн өмнө үеийн технологи ашиглаад байгаа юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ААН-үүд хамгийн сайн чанарын зуух ашиглавал төдий хэмжээгээр агаарын бохирдол буурна.
Иргэд 600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг бол ААН-үүд 240 мянган тонн түүхий нүүрс хэрэглээд байгаа юм. Илчлэгийн чанараар нь шахмал түлштэй харьцуулахад түүхий нүүрс хоёр дахин их галлагаа шаарддаг.
-Түүхий нүүрс хэрэглэдэг хэдэн ААН байна вэ? Ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хамаарах вэ?
-Гэр хороолол, алслагдмал хэсгийн нам даралтын зуухтай, сургууль, халуун усны газар зэрэг 174 ААН түүхий нүүрс хэрэглэж байна.
Үүнээс гадна манай дулаан түгээх станцуудын жилийн хэрэглээнд 5-6 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Бас нэг агаар бохирдуулагч. Эдгээр станцууд бүгд хотын төвдөө байна. Тухайлбал Дулааны гуравдугаар цахилгаан станц хамгийн муу шүүлтүүртэй. Ялгарч байгаа тоосонцор, утаагаа шууд хаядаг. Дөрөвдүгээр цахилгаан станц тоосонцрыг барих шүүлтүүртэй гэсэн.
Өөрөөр хэлбэл хоёр болон гуравдугаар цахилгаан станц хотын төвд утаагаа хаяж байна. Энэ асуудлыг огт ярьдаггүй.
Засгийн газрын 62-р тогтоолыг бүх ААН, иргэд хэрэгжүүлэх ёстой. Гэвч ААН-үүд тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна. Тогтоол хэрэгжүүлэх нь манай компанийн асуудал биш учраас Хотын захиргаа, Засгийн газар ААН-үүдэд шаардлага хүргүүлэх шаардлагатай.
-Сайжруулсан шахмал түлшний одоогийн нөөцийг танилцуулаач.
-Манай компани галлагааны улирал эхлэхээс өмнө 120 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Өдөртөө 2000-2200 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар 104 мянган тонн түлш агуулахад байна. Үйлдвэрлэл хэвийн, түлш хомстох эрсдэлгүй. Нийслэлийн 650 гаруй цэгт сайжруулсан шахмал түлш хэвийн борлуулагдаж байна.